Монголын хичээлийн судалгааны нийгэмлэг (МХСН) нь Багшийн мэргэжил дээшлүүлэх институт (БМДИ )-тэй хамтран “Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй” онол, практикийн бага хурлыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү бага хурлаар эрдэмтэн, багш, судлаачдын хичээлийн судалгаанд үндэслэн бүтээсэн туршлага, арга зүй, технологийг хэлэлцэн үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх зорилгыг хэрэгжүүлдэг билээ.
“Ковид-19” цар тахалтай холбоотой онцгой нөхцөл байдлын улмаас 2019-2020 оны хичээлийн жилийн III, IV улирлын сургалтын үйл ажиллагааг теле хичээлээр зохион байгуулсан бөгөөд энэхүү давагдашгүй хүчийн зүйлийн улмаас үүссэн хоцрогдлыг арилгах, сургалтын үйл ажиллагааг тогтвортой хэвийн явуулахад багш, сургуулиудаас багагүй зүтгэл, цаг хугацааг шаардаж байна. Иймд МХСН-ээс БМДИ-д албан хүсэлт тавьж, зөвшилцсөний дагуу энэ жилийн бага хурлыг хойшлуулан, 2021 онд цахимаар зохион байгуулахаар шийдвэрлээд байна. Бага хурлыг цахимаар зохион байгуулах бэлтгэл хангаж, хугацаа тодорхой болмогц БМДИ-ийн цахим хуудас (http://itpd.mn/ ) болон МХСН-ийн (https://mals.mn/) цахим хуудас, БСУГ-уудаар дамжуулан багш, судлаачдад зар хүргэнэ.
